Чингисхаан монгол биш, казак-найман хүн байсан гэвүү

4all

“Чингисхаан монгол биш, казак-найман хүн байсан” гэсэн гарчигтай Казакийн спорт, аялалын академийн тэргүүн, математикийн ухааны доктор, Петровын шинжлэх ухаан, соёлын академийн жинхэнэ гишүүн Хайрат Закирьяновын http://www.centrasia.ru/ сайтад тавигдсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

-Хайрат Хайруулинович, та энэ жил Монголд очсон. Аялалын зорилго тань юу байв? Чингис хааныг сонирхох сонирхол тань энэ аялалд хөтөлсөн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, энэ үнэн. Би сүүлийн арав гаруй жил өөрийн ард түмний түүхийг сонирхон үзэж, олон арван цагаан толбо байсныг нь олж мэдлээ. Нэг үгээр хэлэхэд Калибек Даниярын бичсэн Казак улсын түүхийн байж болох хувилбараар авч үзвэл Чингис хаан төрөлх казакийн ард түмэндээ эргэн ирж байгаа юм. Казак бол аугаа түүхтэй ард түмэн гэдэгт би итгэлтэй байдаг. Дэлхийн түүхийн гурван аугаа удирдагч сакуудын хатан хаан Томирис, хүннүгийн Атилла, Чингис хаан нар бол манай ард түмэнд шууд хамааралтай.
-Та Чингис хаан гэж дурьдлаа. Саяхан Улаанбаатарт түүний байгуулсан улсын 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Та тэр арга хэмжээнд зочноор уригдсан байх аа?
-Тийм ээ, үнэхээр сүр дуулиантай тэмдэглэлээ. Хэрхэн хөл хөөрцөг болон бэлтгэж байгааг би өөрийн нүдээр харлаа. Зүй нь энэ ёслолын ажиллагаа юуны өмнө Астанд болох ёстой байсан юм. Дараа нь Казань, Анкар, Ташкент, Бишкект гэх мэтчилэн тэмдэглэгдэх ёстой байлаа. Монголын гэж нэрлэгдээд байгаа 1206 онд байгуулагдсан улсын бүрэлдэхүүнд өнөөдөр казакийн ард түмнийг бүрдүүлж байгаа олон овог аймгууд багтаж байсан. Энэ улсыг казакын ард түмний гарамгай хүү Чингис хаан байгуулж өгсөн юм.
-Ийм мэдэгдэл хийхийн тулд хангалттай нотлох баримт сэлтийг гаргаж тавих хэрэгтэй бус уу...?
-Баримт гэвэл МЭӨ 209 оны Хүннүгийн Модунаас хойш 1500 гаруй жилийн туршид өнөөгийн Монголын нутаг дэвсгэр дээр өнөөгийн казак үндэстнийг бүрдүүлэгч олон овог аймгууд амьдарч байсан. 1990 онд Чингисийн зуны өргөө байсан Аварга гэдэг газар босгосон хөшөөн дээр казакийн 40 овгийн нэрийн бэлгэдэл болсон дүрс тэмдэгнүүдийн товойлгон сийлсэн байгаа. Энэ тухай би монголын нэрт эрдэмтэн Д.Баяраас асуухад түүний нэг найзын, хамарсалтай нь би нэрийг нь мартчихаж, цуглуулсан монголын нутаг дэвсгэр дээрх бүх хөшөөний бичгүүдийг энд ашигласан гэж хэлж байсан. Би Баяраар дамжуулан түүнийг барьсан барималчид казакийн ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийг хүссэн билээ. Учир нь энэ бол Чингис хааныг төрөхөөс өмнө өнөөгийн Монголын нутаг дэвсгэр дээр казакууд амьдарч байсны баталгаа мөн.
-Тэр монгол эрдэмтэн таны хэлснийг сонсоод сэтгэл зүйн ямар байдалд орсон нь сонирхолтой байна.?
-Түүний хувьд энэ мэдээж гайхалтай байсан. Дашрамд хэлэхэд саяхан казакийн нэг хэвлэлд түүний өгсөн ярилцлагыг уншиж байхад Чингис хаан казакуудад ч монголчуудад ч адилхан хамааралтай гэж хэлсэн байна билээ. Тусгаар тогтносон 15-хан жилийн дотор монголын урдаа барьдаг эрдэмтэн нь ийм мэдэгдэл хийхэд хүрч байгаа юм, Ертөнцийг донсолгогчийн судсаар казак цус гүйж байсан гэдэг нь хэнд ч тодорхой. Тэгвэл түүний байгуулсан улс Казакийн анхны төрт улс болох юм.
-Казакчуудын яг ямар овгоос аугаа их удирдагч төрсөн юм бол?
-Чухам энэ л асуултанд хариулахын тулд Монгол явж, таван мянга гаруй км замыг 20-иод хоногт тууллаа. Чингис хааны төрсөн газар, их хаанд суусан газар, Өгөөдэй Мөнх зэрэг Их хаадын өргөө байсан Хар хорин, хамгийн гол нь манай аугаа их өвөг дээдсийн гол гол үйл явдалтай салшгүй холбоотой Бурхан Халдун ууланд очлоо.
Персийн их түүхч Рашид-ад-дин МЭӨ 3-р зууны үед Эргүнэ Хунгаас гарч ирж улмаар Бурхан Халдунд суурьшсан овог аймгуудын нэрийг бичсэн байдаг. Эдгээр овгууд нь дарлигин монгол гэж нэрлэгддэг аймгийг үүсгэж, хожим тэндээс Чингис хаан төрж гарсан юм. Түүний нэг хэсэг Алан гуагийн удмынхан нируун монгол гэгдэх болжээ. Рашид-ад-дин, Жалайри, Абулгази, Тынышпаев, Шакарим, Данияров зэрэг эрдэмтдийн бичсэнийг эргэцүүлж үзээд би эдгээр аймгууд нь монгол биш түрэг овогтон байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ тун чухал юм шүү. Тэгээд ч Чингис хаан монголоор биш 13-р зууны үед тэнд амьдарч байсан казак овгуудын хэлээр ярьдаг байсан байна.
-Чингис хаан ямар хэлээр ярьж байсан нь өнөөдөр маргаан тарьсан хэвээр байна. Энэ талаар эрдэмтэд зохиолчид янз янзын үзэл бодол дэвшүүлдэг. Жишээ нь саяхан маститын нэг сэтгүүлд Чингис хааны хэлний тухай анхны мэдээлэл гарчээ...?
-Би энэ тухай “Монголын нууц товчоо” судлах төвийн тэргүүн, академич Д.Цэрэнсодномтой ярилцаж үзсэн. Энэ эрдэмтний үзэж байгаагаар 13-р зууны үед Монголын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан найман, хэрээд, хонгирад, жалайр, мэргид зэрэг овог аймгууд тэр үеийн монгол хэлээр ярьцгаадаг байжээ. 1218 онд Чингис хаан баруун зүг аян дайн хийснээс хойш тэндэхийн овог аймгуудтай холилдон хэл нь түрэг хэлтэй ижилссэн тэр хэлэв. Тэгэхээр нь би түүнд Казакстаны нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа найман, хэрээд, жалайр, хонгирадуудын хувьд хэл ижилсэх тухай асуудал зарчмын хувьд байж болохгүй. Чингис хаан болон түүний дайчид Долоон мөрний сав газар, өмнөд Казакстаны нутаг дэвсгэр дээр амьдардаг аргын, найман, кипчак, карлук нарын дундуур гарч улмаар баруун зүг алшына руу хөдлөхөд тэд бүгдээрээ казакаар ярьж байсан юм шүү дээ гэж хэллээ. Энэ мэдээлэл дээрх монгол эрдэмтний хувьд санаанд оромгүй хүнд цохилт байсан юм. Хирдхийн цочирдсон тэрбээр жаахан сэхээ ороод казакууд бид тэр үед тэдний орхиж гээсэн төрөлх хэлээ өдий болтол хадгалж ирсэнд баяр хүргэж билээ. Монгол эрдэмтний амнаас ийм үг гарна гэдэг том олз шүү.
-Тэгвэл одоогийн монголчууд таныхаар бол 13-р зууны хэлээ хадгалж чадаагүй юм аа даа?
-Хэргийн учир одоогийн монголчууд 13-р зууны үед амьдарч байсан байгаад тэндээс явцгаасан Монголчуудтай ямар ч холбоогүйд байгаа юм. Энэ тухай монголын эрдэмтэд өөрсдөө, тэр дундаа Баабар дээрх ойн үеэр бичиж гаргасан шүү дээ. Чингис хааны үед 40 монгол, 4 ойрад түмэн гэж байж. Ойрадууд нь удалгүй Шинжаан руу гарч улмаар Казакстанд нэгдсэн. Монголд зөвхөн 6 түмэн л үлдсэн хэрэг. Чингисийн ач хүү Хубилай 1260 онд Хятадын Юань гүрнийг байгуулсан. Ердөө аравхан жилийн дотор түүний ордныхон бүрмөсөн хятаджаад албан хэргээ хятад хэл дээр хөтөлж, нийслэлээ Бээжинд зөөн аваачсан. Өөрөө тэгээд буддизмд орсон нь аугаа их өвөг дээдсийнхээ төрөлх нутгийн огтхон ч хайхарч үзээгүй аж. Үлдсэн дөрвөн түмэн Ойрад нь манжуудаас тусламж эрж, Юань гүрний зүгээс дуугүй өгсөн зөвшөөрлийн дагуу тунгус гаралтай манж овгийн үй түмэн цэрэг Чингис хааны төрсөн нутагт дайран орж иржээ. Юань гүрэн унасны дараа байдал улам бүр бишдэж, 17-р зууны хагас гэхэд Монгол тэр чигээрээ манжийн дарлалд орлоо. Ингэснээр тэнд үлдсэн монгол овгууд, үнэн хэрэгтээ бол түрэгүүд, олон тооны тунгус үндэсний овгуудад уусаж үгүй болсон юм. Эндээс орчин үеийн монгол хэлтнүүд үүсэж бий болсон. Үүний баталгаа гэвэл монголын эрдэмтэн Тайчуд Очир, Бэсүд Сэржээ нарын “Монголчуудын овгийн лавлах” гэдэг номонд одоо 700 гаруй овгууд монголчуудад бий гэжээ. Тэгвэл Чингис хааны үед 60 гаруйхан овог байсан гэдгийг санах хэрэгтэй. Өнөөгийн халх гэгдэж байгаа монголчууд хэний удам угсаа вэ гэдгийг мэдэж цөхөх юмгүй. Тэд бидний аугаа их өвөг дээдэстэй ямар ч холбоогүй, харин орчин үеийн түрэг, казак хэлтнүүдийн салбар байж болох юм гэдгийг би зоригтойёо хэлэх байна.
-Тэгвэл таныхаар Чингис хааны алдар гавьяа казакийн ард түмэнд ирэх нь, тийм үү?
-Тэгэлгүй яахав, энэ чинь. Хүн төрөлхтний түүхэнд гарсан алдаа мадаг гэвэл цөөнгүй. Түүний нэг нь чухам энэ мөн. Одоо энэхүү шударга биш явдлыг казакууд бид засаж залруулах нь даруй бидний нэр төрийн хэрэг.
-Хэрэв би таныг зөв ойлгосон бол МЭӨ 3-р зуунаас 15 дугаар зуун хүртэл өнөөгийн Монголын нутаг дэвсгэр дээр казак үндэстнийг бүрдүүлэгч олон түрэг овогтнууд оршин тогтнож, тэдний дундаас Чингис хаан төрж гарсан байх нь. Тэгвэл чухам аль овгоос нь төрж гарсан юм бол? Танд ямар нэгэн санал байна уу?
-Ахуйн түвшинд казакын олон овгууд Чингис хаантай холбогддог гэдгийг анзаарч мэдсэн авч энэ асуудалд цорын ганц үнэн зөв, шинжлэх ухаанч үзлээр хандаж ирсэн. Казакын овог болгон өөрийн тусгай тэмдэг болох тамгыг хэрэглэдэг байсан гэдэг нь бидэнд нэгэнт тодорхой. Дорно дахиныг судлаач нэрт эрдэмтэн Аристовын үзэж байгаагаар тамга бол овгийн онцлогийг илэрхийлээд зогсохгүй цагийн урсгалд мөн чанараа алдахгүй математик хэл, инвариантыг агуулж байдаг. Евразийн уудамд талд нүүдэллэн яваа овгууд арай хүчирхэг өөр нэгэн овогт нэгдлээ гэхэд тэр овог тамгандаа тэдгээр нэгдлийг харуулсан засвар оруулдаг байжээ. Гэхдээ энэ нь ерөнхий утгыг өөрчлөхгүй. Тамгаар нь тухайн нүүдэлчний овог угсааг тодорхойлох бөгөөд нэг үгээр хэлбэл энэ нь нүүдэлчдийн нэрийн хуудас болдог байлаа. Чингис хааны овгийн тамга гэхэд дээшээ харсан гурван шүд байдаг. Би түүнийг Монголд, Чингисийн төрсөн газар дүрсэлсэн байхыг харсан. Энэ дүрс нь түүний сүлд бөгөөд сарлагийн сүүлийн үсээр хийсэн есөн хэсэг молцог унжуулдаг байж. 1223 онд одоогийн Жамбыл тойргийн нутагт болсон хуралдай дээр эзэнт гүрнээ хуваахдаа Чингис хаан ууган хүү Зүчдээ одоогийн Казакстаны нутгийг өгч, өөрийн төрлийн басаналы, балталы хоёр овгоо түүнд шилжүүлэн өгчээ. Энэ хоёр овог түүхэнд ихээхэн алдартай. Тэд Аттилатай хамт Балти орчмын улсууд болон Скандинавын улсуудыг байгуулж, тэдэнд өөрсдийн нэрний язгуур болох “Балта” нэрийг өгсөн юм. Тэр үед тэд Аттилагийн үеэл дүү Одоакрагийн захиргаанд байлдаж явсаар 476 онд Баруун Римийн эзэнт гүрний төгсгөлийг тавилцжээ. Түүхэн сурвалжаас үзэхэд Киевийн ноён Рюрикович тэднийг каганчууд хэмээн нэрлэж турк гаралтайг нь дурьдсан бий. Тэр Рюрикович 862 онд Киевийн эзэн сууж, улмаар 13-р зууны дунд үед Москвагийн вант улсад харъяалагдах болжээ. 1991 онд украйнчууд тусгаар тогтнолоо олж, төрийн сүлдэндээ эртний казакийн басаналы овгийн тамга болох дээшээ харсан гурван шүдээ оруулсан билээ. Тэгэхээр Киевийн 9-р зууны Украйны хаан ширээнд хааны удмынхан болох басаналы, балталы овгийнхон сууж байсан нь гарцаагүй. Басаналы гэдэг нь “түшиг тулгуур” гэсэн утгатай казак үг.
-Хайрат Хайруулович, энэ их хүнийг хаана нутаглуулсан тухай олон янзын домог яриа байдаг. Тэр тухай таны хувийн бодлыг сонсъё.
-Би ч гэсэн энэ тухай маш олон удаа бодож байсан. Бүр Монголд байхдаа Чингис хааны онгоныг хайсан Японы эрдэмтдийн явсан газар болгоноор нь явж үзсэн. Тэр орчин үеийн багаж техник, компьютер хэрэглэж байгаа эрдэмтэд олохгүй байна гэж юу байх вэ. Эрэл мухардсан. Өнөөдөр Чингис хааныг сонирхон судалдаг манай дэлхийн сая сая хүмүүсийн адил би ч гэсэн энэ асуултад тоймтой хариу хэлж чадахгүй. Гэхдээ Калибек Данияровын бичснээр Алатау уулын бэлд нойрсож байгаа Зүч хааны дэргэдэх Алашы хааны нууцлаг бунханд манай банасалы, балталы хоёр овгийн аугаа их дээдсийн шарил амгалан нойрсож, өөрсдийн дундаас төрж гараад дэлхийг донсолгосон аугаа хүүгийнхээ сүнсийг хамгаалж байдаг ч байж болох юм. Орчуулсан Д.Оюунчимэг
Эх сурвалж http://www.centrasia.ru/news.php4?st=1168334280

Энэхүү ярилцлагыг уншихад үнэхээр сэтгэл өвдөж, хоосрох шиг санагдлаа. Энэхүү академичийн ярьж байгаа бүхэн цадигаа алдсан, үнэхээр муухай санагдаж байна. Бидний эх түүхийг өөр улсын хүмүүс ингэж улаан цайн гуйвуулж, өөрийн мэт болгон ярьж байгаа нь үнэхээр хэцүү, сул дорой мэт санагдлаа. Монголчууд бид өнөөдөр бусад улсуудаас эх түүхээ хамгаалан хадгалахын тулд, тэдний өмнө Чингис бол монгол угсаатан мөн гэдгийг ойлгуулхын тулд, баттай ноттой баримттай байж, түүнийгээ гэрчилж чаддаг байх хэрэгтэй. Миний хувьд энэхүү ярилцлагыг уншаад бид нэгэнт хөдлөх цаг болсныг харуулж байна. зүгээр л суугаад, амиа хичээгээд өөрөө л сайхан амьдраад байвал болоо гэж бодож байвал энэ бол хамгийн тэнэг, хувиа хичээсэн, утгагүй бодол юм. эцэст нь бид ингэж амьдарвал монголын түүх гэхээр юмгүй, харийн орны эрхшээлд дахин орж, өвөг дээдсийн хийж бүтээсэн зүйлийг "сүйтгэн нурааж", харин хойч үедээ гай уршиг тарих аюултай байна.

Read Users' Comments (0)

0 Response to "Чингисхаан монгол биш, казак-найман хүн байсан гэвүү"

Post a Comment