Байгаль эх гомддог уу?

4all

Хүн төрөлхтөн эхийн хэвлийгээс төрөх үед биеийнх нь 95 хувь нь уснаас тогтсон байдаг. Харин насанд хүрэх үед 70 хувь нь уснаас бүрдэнэ. Нөгөөтэйгүүр бид амьсгалах агаараа, уух ундаа, идэх хүнсээ байгаль эхээсээ хүртэж байна. Тиймээс бид амьд явах бүх л хугацаандаа, үүнээс хойшхи амьдралдаа ч гэсэн байгаль эх, тэнгэр газартай салшгүй холбоотой билээ. Гэвч бидний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль дэлхий минь хордон сүйтгэгдэж, устаж үгүй болж байгаад байгаль эх ихэд хилэгнэн гомдож, уй гашууд автсандаа хүмүүс бидэнд үй түмэн гамшиг, аюул осол илгээх болжээ. Жил ирэх тусам газар хөдлөлт, үер усны гамшиг, ган зуд, цөлжилт эрчимтэй нэмэгдэж, байгаль эх маань бидэнд жимс жимсгэнэ, самар боргоцойгоо хайрлахаа больжээ. Гэвч байгаль эх гомдохгүй байхын аргагүй зүйлсийг хүмүүс бид үйлдсээр байна. Үүнд:
Нэгдүгээрт, Байгаль экологийн тэнцвэрт байдал, юуны өмнө дэлхийн уур амьсгалын системд агаар мандал дахь хийнүүдийн хэмжээ, тэдгээрийн хоорондын харьцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч хүний нийгмийн хөгжил, үйлдвэржилтийн явцад агаар мандлын бүтэц, түүн дэхь хийнүүдийн харьцаа өөрчлөгдсөөр байгаа нь цахилгаан станц, үйлдвэр компани, гэр ахуй, тээврийн хэрэгслийн утаа, төрөл бүрийн хог хаягдал, агаарын бохирдолтой салшгүй холбоотой. Өвлийн улирал ирэхэд машин тэргүүд нь хар утаа хаяж, ард иргэд нь резин, хуванцар эд шатааж, түүхий нүүрс түлж байгаа нь агаарын бохирдлын гол шалтгаан болоод байна.
Нөгөөтэйгүүр уур амьсгалын дулааралтын үндсэн нэг шалтгаан нь хүний буруу үйл ажиллагааны улмаас агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа явдал юм. Ингэж хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрсхүчлийн хий зэрэг нь агаарын бvтцэд их хэмжээгээр агуулагдаж байгаа нь хvний амьсгалын замыг хамгаалах тогтолцоог алдагдуулж, багтраа болон уушигны архаг өвчлөл үүсгэж байна.

Хоёрдугаарт, Газрыг зохисгүй ашиглаж сүйтгэж байгаагаас ургамлын бүрхэвч багасч, үүний хор уршгаар агаар дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ ихэсч дэлхийн дулаарал болж хуурайшилт цөлжилт явагдаж байна. Мөн ой модыг хууль бус аргаар ашиглах , огтлох гэх мэт зохисгүй ажиллагааны улмаас цөлжилт эрчимтэй явагдаж байна.
Агаарын бохирдлыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж бол ой мод байдаг. Мод нь навчныхаа тусламжтайгаар агаарт байгаа нүүрсхүчлийн хий болон бусад хортой бодисуудыг шингээж авч оронд нь хүчилтөрөгчийг ялгаруулж байдаг. Мөн үүнээс гадна ой мод нь усыг цэвэрлэх, хөрсний болон гүний усыг тогтвортой байлгахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Модны үндэс нь хөрсний бүрэн бүтэн байдлыг хадгалах, салхи, шуурга, борооны үерээс хөрсийг хамгаалах гол хамгаалагч нь болдог төдийгүй гудамж талбайн тоосжилтыг 60 хувь хүртэл бууруулдаг гэсэн судалгаа байдаг. Гэвч хүмүүс ой модыг нууцаар огтолж, санаатай болон санаандгүй байдлаар ойд гал түймэр тавьж ой модыг ихээр сүйтгэж байгаа нь байгаль эхийн хилэгнэлийг авчирч байна.

Гуравдугаарт, Хүмүүс гол мөрөнд хувцас хунар, машин тэргээ угааж, харин компаниуд нь хорт бодисоо гол мөрөн рүү асгаж байгаа нь гол мөрөн ширгэж, бохирдох, усны амьтан устаж үгүй болох гол шалтгаан болж байна. Зуны улирал ирэхэд, ялангуяа хүүхдийн баяр, наадам зэрэг өдрүүдэд туул, сэлбийн голуудын эргээр зай завсаргүй машин тэрэг эгнэн жагсах болсон байна. Эдгээр хүмүүс машин тэргээ гоё болгох гэж голын дунд түүнийгээ угааж, харин өөрсдийгөө цэвэр цэмцгэр болгох гэж хувцас хунар, хиртэй бие, үс толгойгоо угааж байна. Өөрөөр хэлбэр халтар, хиртэй гэсэн болгоноо голд угааж байна.
Нөгөөтэйгүүр арьс шир боловсруулах үйлдвэрүүд химийн онцгой хортой төрөл бүрийн бодис хэрэглэдэг бөгөөд хаягдлаа гол руу асгаж байна. Хорт бодистой хогон овоо туулын эргээр маш их байх бөгөөд энэ нь арьс ширний үйлдвэрүүдийн хатуу хаягдал юм. Тэд зардлаа хэмнэх байдлаар шөнө оройн цагаар хогоо асгаж байгаа нь голын загаснуудыг хордуулж, газрын гүний усанд шингэж нэвтрэх аюултай.
.
Дөрөвдүгээрт, олон компаниуд газар доорхи ашигт малтмалыг олборлож хөрсийг ихээр эвдэн сүйтгэн онгичиж, дахин нөхөн сэргээлт хийхгүйгээс бэлчээрийн мал аж ахуйд ихээхэн хүндрэл учирах болсон байна. 2008 онд Улсын хэмжээнд нийт найман аймагт иргэд, аж ахуйн нэгжvvд химийн бодис хууль бусаар ашиглан алт олборлож, 200 мянга орчим тонн шлам бий болсон ба нийт 37.3 мянган га талбай мөнгөн усанд бохирджээ. Эх дэлхийнхээ өнцөг булан бvрт байгаа алтны өлгийг эмтэлж, нөхөн сэргээлт хийхгүй байсаар газрын хөрс, гүний ус нь химийн бодисонд хордож, үржил шимгүй болсон байна.

Тиймээс бид эцэг өвгөдөөсөө байгалийн унаган төрхөөрөө өвлөгдөн үлдсэн газар нутагаа хайрлан хамгаалж, байгаль орчноо цэвэр байлгах, нөхөн сэргээх нь бидний зорилго болоод байна. Эрт дээр үеэс эцэг өвгөд маань төрт ёсныг тогтоож улмаар хууль цаазыг бий болгож энэ нь хөгжин боловсорсоор ХII-зууны эцэс ХIII зууны эхэн зааг дээр их эзэн Чингис хааны үед “Их засаг” хуулийг боловсруулжээ. ”Их засаг” хууль нь нийгмийн бүхий л харилцааг зохицуулахад зориулагдсан хууль бөгөөд түүнд байгаль хамгаалах талаар:
• Эх нутаг түүний байгалийг унаган төрхөөр нь байлгах
• Нутаг бэлчээрийг зүй зохистой ашиглах
• Газар шороо, түүний хөрсийг цэвэр ариун байлгах
• Усыг бүх талаар хамгаалах, цэвэр ариун байлгах
• Газар нутаг ой модыг түймрээс хамгаалах
• Газар шороо, хад уулыг элдвээр сүйтгэхгүй байх
• Ан амьтныг хайрлаж хамгаалах үл егүүтгэх
• Гол мөрнийг үл бохирдуулах, хувцас биеэ угаахыг цээрлэх
гэж тусгасан байхад ХХI зууны Монголчууд минь байгаль орчноо хамгаалах, хайрлахаа мартсан юм болов уу. Бид эхээс төрж, эхийн сүүгээр бойжиж монгол хэмээх агуу үндэстэнг бүтээсэн байж үндэсийг устгах байгаа нь байгаль эхийг ихээр гомдоож байна. Аадар шаагин цахилгаан цахилж, үер усны гамшиг ирэх нь, нүүр нүдгүй цасаар шуурч, зуд болох нь, жил ирэх бүр ой моддын жимс жимсгэнэ, самар багасаж, байгаль эх хишгээ хайрлахгүй байгаа нь байгаль эх бидэнд гомдсоных бус уу. Бидний өөдгүй, амиа аргацаасан үйлдэлд байгаль эх хилэгнэж , гомдож, гашуудаж байна.
Эцэст нь хэлэхэд бид байгаль эхээ хайрлаж хамгаалахгүй бол байгаль эх биднийг хайрлаж, хамгаалахгүй. Vнэхээр эх дэлхийнхээ эд баялгийг хайр найргvй цөлмөсөн биднээс байгаль эх минь нvvрээ буруулах нь аргагvй юм. Өнөөдөр монгол хvн бvр байгаль эхэд учирсан шархыг зvрх сэтгэлийнхээ гvнд мэдэрч, эрvvл, энэрэнгvй сэтгэлээр байгаль эхтэйгээ харьцах цаг хэдийнэ иржээ. Эвдэж сvйтгэсэн эх дэлхийгээ аргадаж, нөхөн сэргээснийхээ дараа хөгжил, хишигийг хүртэх эрхтэй бид.

Read Users' Comments (1)comments

1 Response to "Байгаль эх гомддог уу?"

  1. serdaram says:
    December 9, 2009 at 11:39 PM

    hoishdoo blogoo hotolj ooriin oron zaigaa bii bolgooroi Amjilt hysiye! Tanaihaar orj garch bainaa. Amjilt hysiyye

Post a Comment